Тэнэгхэн жаахан охин нь анзаараагүй явжээ ааваа
Тэнэгэр сайхан нуруу нь газартай татагдан бөхийснийг
Танхил бяцхан охин тань ухаараагүй явжээ ааваа
Хариу бурий болтол гадуур баахан хэсчихээд
Хариж ирэхэд загнахаар тань гомдох сэтгэл өвөрлөхдөө
Жаахан охиноо бүгдээс харамлан хайрлаж байснийг
Жаргалд төөрсөн охин тань яахин мэдэх билээ
Хааяа хааяахан гэртээ гөлөмцүүхэн ороод ирэхэд нь
Хацраа өгөөд үнсүүлэлгүй ширэв татаад өнгөрөхдөө
Буянтай аавын минь нүдэнд гунигийн манан татдагийг
Буруу харсан охин чинь яахин мэдэх билээ
Халуурч бүлээрч өвдөхөд ижий шиг дэргэд сахидаггүй ч
Хат суусан сэтгэл нь уярч өрөвдөн өвддөг биз
Эр хүн гэсэндээ гаднаа нулимс унагадаггүй ч
Элэг зүрхэн дотроо насан туршдаа уйлдаг биз
Багадаа хамт тоглодог байсан атга шагайндаа охин нь хайртай
Бохь тамхи холилдсон аавынхаа үнэрт дэндүү дуртай
Айлын хүн болж гэрийнхээ хаяанаас холдох ч
Аавын балчир охин тань таныхаа дэргэд нялхаараа
Гэрийнхээ хойморт ахмадын дайтай
Гэргийнхээ хажууд хангайн түшигтэй
Үрийнхээ дэргэд уулын нөмөртэй
Үг нь хатуу ч сэтгэл нь зөөлөн сайхан аав минь!
Хайр, энэрэл бүхнийг танаасаа охин нь мэдэрдэг
Хатуужил, ухаан хоёрт ч охин нь танаасаа л суралцдаг
Урам, зэмлэл хоёрыг тэнцүүхэн наддаа хүртээдэг
Ухаантай ааваараа охин нь дандаа бахархдаг
Ааваа! Үр нь таныгаа гомдоодог байж мэднэ, уучлаарай!
Үгээрээ биш зүрхээрээ мэдэрдэг болохоор хайртайгаа хэлэх гэж би яарахгүй
Үлдсэн амьдралдаа харин танийгаа ачлах гэж яарч явна
Үнэрийг тань үнэрлэж энгэрт чинь эрхэлж духаа үнэрлүүлэх гэж би очно.
Үсэг эвлүүлж үг хэлхэх гэж жаахан будиллаа, ямар болсныг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ аавыгаа бодоод нүдэндээ төсөөлөөд бичихэд ийм хэдэн мөр сэтгэлээс минь гарсан. Аав минь ийм л хүн, наддаа дэндүү хайртай, хэн нэгэн надаас хорвоо дээр чамайг хамгаас илүү хайрлаж, чамд хамгийн их итгэдэг тийм хүнийг нэрлэж чадах уу гэвэл би "аав минь" гэж хэлнэ. Аав минь, Би танд хайртай!
No comments:
Post a Comment